
Сүүлийн жилүүдэд үүсч буй байгаль цаг уурын өөрчлөлт, хот суурин газрын агаарын бохирдол, хүн амын хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл болон хотын хүн амын нягтрал нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлс нь амьсгалын замын халдварт болон халдварт бус өвчний өвчлөл, тархалт нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
2006 онд Эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэндийн үзүүлэлтээр манай орны хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын замын эмгэг бөгөөд 10 000 хүн амд амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн өвчлөл 757,62 байжээ. Намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэн хүүхэд, багачууд цугларах үеэс амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэх томуу, томуу төст өвчний вирусын халдвар тархаж хүйтэн сэрүүний улиралд улам бүр гардаг. Иймээс өндөр хөгжилтэй улс орнуудад тухайн жилд дэгдэх боломжтой вирусүүдийн штаммыг тогтоон тухайн халдвараас сэргийлэх вакцин бэлтгэн тарилга хийж урьдчилан сэргийлэлт явуулдаг тул өвчлөл харьцангуй багатай бөгөөд өвчилсөн тохиолдолд голдуу үрэвслийн медиаторуудын үйлчлэлийг хориглогч эмүүдийн нийлмэл бэлдмэлийг өргөн хэрэглэж эмчлэх болжээ.
Одоогоор манай орны зах зээл дээр өнөөгийн байдлаар терафлю, фервекс, микса грипп, максафлю, колдаур, актафед, алкафен, снип зэрэг амьсгалын дээд замын вирусын халдвар, ханиадны үед хэрэглэх нийлмэл бэлдмэлүүд гадаадаас импортоор ирж хэрэглэгдэх болжээ.
Эдгээр нийлмэл бэлдмэлүүд нь халуун буулгах, өвдөлт намдаах, хамрын битүүрэлтийг арилгах, усан нус гоожилтыг багасгах, ханиалга дарах, цэр шингэлэх, цэр ховхлох зэрэг үйлчлэл бүхий эмүүдийг агуулсан байдаг. Дэлхийн эмийн томоохон үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн ханиад, томууны үед хэрэглэдэг дээрх нэр бүхий эмүүдийн найрлагад харшлын Н1 рецепторыг хориглогч хлорфенирамин малеат хэмээх эм агуулагдсан байх бөгөөд энэ эм нь хамрын битүүрэлт, усан нус гоожилт зэрэг шинж тэмдгийг онцгой сайн дарахын зэрэгцээ бага зэрэг тайвшруулах үйлчлэл үзүүлнэ.
Манай орны нөхцөлд эх орны эмийн үйлдвэрүүдийн чанартай, гаж нөлөө багатай, хямд эм бэлдмэлүүдийг ханиад, томууны үед ууж хэрэглэж болох юм. Тухайлбал, хлорфенамин 4 мг шахмал эмийг ханиад хүрэх эхний үеэс эмчийн зааврын дагуу парафетамол, витамин С-ийн хамт хэрэглэхэд үр дүн сайтай. Хлорфенамин шахмалд үрэвсэл, харшлын үед ялгарч судас өргөсгөх, нэвчимтгий чанарыг нэмэгдүүлэх, амьсгалын гуурсан хоолойг агшаах зэрэг үйлчлэлтэй гистамин хэмээх биологийн өндөр идэвхитэй бодисын хүлээн авуурыг хориглогч хлорфенирамин малеат гэдэг бодис агуулагдана.
Саяхан хийгдсэн нэгэн эмнэл зүйн судалгаагаар хлорфенамин 4 мг шахмал эмийг амьсгалын дээд замын харшлын /харшлын ринит/ эмчилгээнд хэрэглэхэд нойрсуулах, бие сулрах, хоолонд дургүй болох зэрэг гаж нөлөө багатай харшлын эсрэг үйлчлэл харьцангуй сайн болохыг тогтоожээ.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш, АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах























Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: