sune_2@yahoo.com найзууд болцгооё

Шувуудын хошуу яагаад өөр, өөр хэлбэртэй байдаг вэ?

шувууны хошуу - a bird's beak

   Шувуу эхлээд шүдтэй байснаа дараа нь шүдгүй болж аажимдаа хошуутай болсон байна. Шувууны хошуу хэлбэр хэмжээний хувьд янз бүр байдаг. Яагаад шувууд ийм адил төсөөгүй хошуутай байдаг вэ. энэ асуултанд Чарльз Дарвин олон жилийн өмнө "Дүрсийн үүсэл" номд анх удаа зөв хариулт өгчээ. Энэ номонд өгүүлсэн санаа Галлапагийн олтригт очсоных нь дараа Дарвинд бий болсон байна.

   Галлапагийн олтригын амьтны аймаг баялаг биш ч өвөрмөц гэнэ. Тэнд аварга яст мэлхий, игиуана гүрвэл, жижиг ээрүүл шувуу байдаг аж. Дарвин тэнд очоод зөвхөн шувуудыг л сонирхжээ. Ээрүүл шувуу дэлхийд ганц тэнд л арваад төрөл байх. Тэдний өнгө зүс, биеийн хэмжээ төстэй ч хошуунууд нь бүгд өөр өөр хэлбэртэй байсан аж.

   Дарвин тэднийг эрт цагт эх газраас нисэж ирсэн нэг хосоос үүссэн хэмээн таамаг дэвшүүлсэн байна.

   Гэтэл тэдний хошуу нь яагаа өөр хэлбэртэй байгаа юм бол. Дарвины таамагласнаар анх ээрүүл шувууд зөвхөн үр цуглуулахад тохиромжтой богино, бүдүүн хошуутай байсан байна. Элбэг байсан идэш тэжээл нь ховордож ирэхэд тэд хорхой шавьж болон цэцгийн шүүс идэх болж. Тиймээс идэх хоолтойгоо зохицон хошуу нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Гэхдээ шууд өөрчлөгдөөгүй нь лавтай. Эхэндээ өндөгнөөс ердийн хошуутай ангаахай гардаг байсан боловч заримынх нь хошуу үл мэдэг урт, заримынх нь ялимгүй богино байлаа. Урт хошуутай ээрүүл шувуу шавьж амархан барьдаг болов. Эцэст нь шавьжны ангуучид урт нарийхан хошутай, шүүсэнд дурлагчид махир хэлбэрийн хошуутай болжээ. Одоо ч тэнд ээрүүл шувууд бий. Богино, том хошуутай нь үр жимс, цүүцэн хошуутай нь холтос дотроос өт, авгалдай сугалж, нарийн чимхүүр хошуутай нь модны мөчир, навчнаас шавьж тоншин идэж байна.

   Амьдралын төлөө ширүүн тэмцэлдэж байсан тэр үед орчиндоо сайн зохицон, хоол тэжээлээ олоход хошуу нь үүргээ гарамгай гүйцэтгэдэг шувууд л амьд үлдэж байлаа. Яагаад шувуудын хошуу янз бүрийн хэлбэртэй байдаг вэ.

   Нугас хошуугаа усанд дүрчихээд чангаар "тас няс хийлгэж" байдаг. Усан дотор хөвж яваа хавч, шавьжийн авгалдайг барьж, ургамлын үр түүж байгаа нь тэр. Нугасны хошууны дотор эвэрлэг хавтгай шүднүүд байдаг. Нугасны хавтгай хошуу нь усыг сорж, дараа нь хоол тэжээлээ амандаа үлдээн, сорсон усаа буцааж гаргахад зохицсон байдаг. Мөн түүний хошуунд мэдрэх булчирхайнууд байдаг нь шөнө ангуучлахад нь тусалдаг аж.

   Ази, Африкт гоё цагаан өнгөтэй фламинго нэртэй шувуу бий. Түүний хошуу маш өвөрмөц бүтэцтэй. Хошууных нь дээд тал хавтгай, доод тал нь хугалчихсан юм шиг мохоо өнцөг үүсгэсэн хэлбэртэй байдаг. Фламинго усанд өвдгөө, эсвэл хэвлээ тултал орж, толгойгоо усанд гүн шургуулж хошуугаа хутгуур шиг ашиглан хоолоо олж иддэг. Амандаа орсон хоол тэжээлээ үлдээж бусад хэрэггүй зүйлийг хэлээрээ түрж гаргадаг байна. Түүний хошууны хэлбэр ийм зориулалттай аж.

   Загас ангуучлагч шувуудын хошууны бүтэц өөр. Антарктидад амьдардаг оцон шувуу маш чадамгай загасчин гэнэ. Оцон шувуу загасыг хөөн гүйцэж, хүчирхэг, хурц хошуугаараа барьж иддэг байна. Гулсамтгай, годгонуур ангаа барихад нь нэлдээ хатуу эвэр ургасан хошуу нь тусалдаг аж. Хар галуу мөн усан дахь олзоо хөөж барьдаг. Түүний хошууны ирмэг дээрх хурц дэгээ нь олзоо шүүрэн авч алдахгүй тогтооход нь тусалдаг байна.

   Африкийн могой хүзүүт шувууд хошуугаа огт өөрөөр ашигладаг гэнэ. Тэд усан доторх олзондоо ойртоод ирэхлээр загасыг хошуугаараа жадалж байгаа мэт нэвт хатгана. Могой хүзүүт гадаргуу дээр сэлж гараад огцом даялалтаар загасыг сэгсэрч хаяад, унахаас нь өмнө амжиж зуудаг аж. Сүхэнцэр шувууны хошуу бүр ч өвөрмөц. Богинохон бүдүүн, яг түлээний сүх мэт. Хойд мөсөн далайд амьдардаг энэ шувуу хүчирхэг хошуугаараа хөлдүү газарт гүн нүх ухаж, түүндээ өндгөө хийдэг гэнэ. Тэр хошуугаа ингэж ашиглахаас гадна загасыг хэд хэдээр нь хошуундаа хуримтлуулж үүрэндээ зөөдөг ажээ. Хотон шувууны хошуу дээгүүрээ хавтгай, үзүүртээ дэгээтэй байдаг. Харин доод хэсэг нь нарийн уян налархай яснаас бүрдэх бөгөөд түүнээс сараалж мэт арьсан уут унжсан байдаг. Хотон усанд орж амаа нээгээд хаахад л загас ордог гэнэ. Харин дараа нь аман дахь усаа асгахад хошууных нь уут нь тусалдаг байна.

   Олон тооны шувууд загасыг нисэлт дундаа барьж авдаг. Тэд олзоо хайж байгаад жигүүрээ хагас хумин ус руу шумбан орж хурц үзүүртэй махир, хүчирхэг хошуугаараа ангаа барьдаг байна.

   Цууцаль дун хагалдаг мэргэжилтнүүд гэнэ. Цууцаль дун олоод хавтасны хоорондуур нь хэд хэдэн удаа хошуугаараа чанга тогшино. Тэгээд хагарахгүй бол нэг газраа сүхээр цохиж байгаа юм шиг тоншдог. Хавтасны хооронд ялимгүй зай үүсэхээр түүгээр нь хошуугаа шургуулж, хүчтэй эргүүлдэг аж. Ингэхэд булчингууд задарч хөөрхий дун цууцалийн хоол болдог байна. Жинхэнэ цүүц бол тоншуулын хошуу билээ. Тэр хуурай модыг эргэн тойрондоо зомгол үсчтэл цүүцэднэ. Модонд нүх гарсны дараа дотор нь наалдамтгай хэлээ оруулж, шавьж авгалдайг татан гаргаж ирдэг байна. Тоншуул үрийг ч дуртайяа иддэг. Гэхдээ мөчиртөө байгаа юмуу газар хэвтэж байгаа боргоцойноос үрийг нь авч чаддаггүй. Тэр олсон боргоцойгоо амандаазууж, түүнийгээ бөхлөн тогтоож болох газар аваачдаг. Бөхлөснийхөө дараа боргоцойг нэвт тоншиж үрийг нь хэлээрээ татаж аваад амтархан иддэг байна. Тоншуул өөрийн "дархны газраа" сайн тогтоодог учраас боргоцойн овоо үүсдэг аж.

   Тотины хошуу гайхмаар бүтэцтэй. Тэдний эрүүний доод үзүүрт хатуу эвэр товруунууд байдаг. Тэдгээр нь хуурайны ир мэт ташуу байрлалтай байдаг аж. Энэ нь тотинд самар болон мөлгөр үрийг зууж явах, идэхэд тусалдаг. Хамгийн гайхалтай нь тоть амаа нээж хаах үед түүний дээд доод эрүүнүүд нь хавирч өөрсдийгөө хурцалдаг гэнэ. Тоть жимс, үрээр хооллодог. Ганцхан Шнэ Зеландын кеа тоть л мах иддэг байна. Кеа тотины тухай нэгэн баримт өгүүлье.

   16-р зууны үед Шинэ Зеландын арал дээр европчууд ирж суурьшжээ. Эхэндээ кеа тоть хатаахаар тавьсан хонины арьсанд үлдсэн махыг л тоншдог байв. Шинэ хүнсний амт тэдэнд таалагдаж, удалгүй хонь руу дайран, нуруун дээр нь сууж ноосыг нь зулгаан, мах өөхийг нь зулгаадаг болжээ. Ингээд яваандаа үр жимс идэхээ больж, жижиган амьтан, шувуу руу дайрах болсон байна. Хүний тусламжтайгаар маханд орсон кеа тотины хошуу аажмаар махчин шувуудынх шиг махир, хүчирхэг болжээ.

"Өнөөдөр" сонин

Сэтгэгдэлүүд:

1. mongolboy20 | 2009-10-11 02:57:40
Дарвин хүүгийн дасан зохицох тухай онол юм биздээ. Ер нь хүн ч гэсэндээ хайргүй хүнтэйгээ гэрлэсэн ч гэсэн дасан зохицоод дурладаг гэсэн хаха юу бичихжээгаад юу биччихвээ
2. Sune | 2009-10-11 18:38:08
Darvin huu ntr gd

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Дараа дахин зочлоорой